2011-03-30

СЭТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?


Сэтгэл гэж юу вэ?
Сэтгэл гэдэг бол өөрчилж болдог, оролт, гаралтын сувагтай багтаамж бүхий зүйл юм. Тэгвэл сэтгэл гэж юу вэ? гэдгийг тодорхойлохоос нааш түүний тухай ярих аргагүй. Хэрвээ арван сэтгэл судлаач тус бүрт энэ асуултыг тавьбал арван өөр хариу хэлнэ. Дотны нөхөр болсон толь бичгээс энэ үгийг харвал сэтгэл судлаач биш ч гэсэн “Сэтгэл бол бодох, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх, юмсыг танин мэддэг” гэж тайлбарлажээ. Тэгвэл “Бодох, сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэх гэж юу вэ?” гэж өнөөх сэтгэл судлаач нөхдөөс асуувал тэд уураг тархины үйл ажиллагааг ярьж эхэлнэ. Ихэнх хүмүүс сэтгэл хийгээд уураг тархины үйл ажиллагаа буюу мэдрэлийн тогтолцоо хоёрыг ялгаж чаддаггүй. Бурханы сургаалд, бие, сэтгэл хоёр хоорондоо харилцан холбоотой хэдий ч өөр зүйлүүд гэж үздэг. Сэтгэлийн бүрдэл нь атом, молекултай ямар ч холбоогүй, өөрөө танин мэдэхүйн энерги юм. Бодол, сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэх зэрэг нь сэтгэл юм. Танин мэдэхүйн зургаан суваг бий: эрхтэнээр мэдэх тав ба зургаа дахь нь сэтгэлийн тийн мэдэл юм. Сэтгэлийн тийн мэдэлд бодох чадвар, зөн билгээр мэдэх зэрэг багтана. Сэтгэлийн тийн мэдэл нь биеийн амгалангийн тухай бодож байдаг бөгөөд биеийн дээд амгаланг олох хийгээд хамгийн бага зовлонтой байхад чиглэгдсэн зан байдлыг санаачлан бий болгодог.
Бурхан багш, сэтгэл бол тодорхой бөгөөд танин мэдэхүйн чадвартай хэмээн үндсэн хоёр шинж чанартай тодорхойлжээ. Тодорхой нь сэтгэлийн мөн чанар юм: сэтгэл нь биегүй ба аливаа зүйлийг толь адил түүнд тусаж байгаа зүйлийн шинжийг агуулдаг. Танин мэдэхүй нь ухамсар, мэдлэгийн ойролцоо утгатай үг бөгөөд сэтгэлийн үйлдэлийн чанар юм. Сэтгэл нь тухайн нэг зүйлийн тухай мэддэг, мөн тухайн зүйлийг сэтгэл өөрөө хэрхэн хүлээн авч мэдэрч байгаагаа мэдэрч байдаг. Толь юмсыг тусгаж авч байгаа хирнээ юу тусаж байгааг мэддэггүй. Комьпьютер олон зүйлийг тооцоолох боловч юу тооцоолж байгаагаа мэддэггүй. Комьпьютер хэзээ нэг цагт бодож чаддаг болох уу? гэсэн асуултанд Дээрхийн гэгээнтэн Далай лам багш: “Хэрвээ ухамсар байрлах зохимжтой суурь болгож чадсан тохиолдолд магадгүй” гэж айлдсан байдаг.
Дээрхийн гэгээнтэн багшийн энэ айлдварын утга бол комьпьютер ухамсарыг бүтээж чадахгүй, урьд нь оршсон сэтгэлийг компьютерт байрлуулж чадсан тэр цагт бодож чадна гэсэн үг юм. Үүнтэй адил бидний биеэс сэтгэл үүсэн бий болохгүй, учир нь мэдэхүйн чадвар нь биет чанаргүй юм. Одоогийн мэдэхүйн чадвар гагцхүү өнгөрсөн мөчийн мэдэхүйн чадвараас бий болно, тиймээс бидний биеэс өмнө оршиж байсан мэдэхүйн үргэлжлэл байх албатай бөгөөд ухамсарт зохицсон суурь бүрэлдсэн үе буюу эхийн хэвлийд өндгөн эс боловсрох үед сэтгэл бие дотор байрлана.
Эрдэмтэд: “Сэтгэл нь эволюцийн бүтээгдэхүүн” гэж үздэг.
Буддистууд: “Үгүй, эволюци бол сэтгэлийн бүтээгдэхүүн” гэнэ.
Манай дэлхий хувьсагнасан хийн бөөгнөрөлөөс үүсэхээс өмнө хүн төрөлхтөний өмнөх төрөл маш нарийн биетэй, сэтгэлийн амгалантай, ер бусын сайхан амьдардаг байжээ. Амгалантай байх буяны үйлийн үр барагдан доройтох үед урьдын төрлийн сэтгэлийн амгалангийн дадлаар биеийн бүдүүн амгаланг хүсэх болсон байна. Хөрст шороон дээр амьдрах бидний хамтын үйлийн үр хийгээд атом, молекулын хими, физикийн үйл ажиллагааны хамтаар эгэл биетүүд үүсэн бий болсоны зарим нь сэтгэлтэй байхад зохилдсон суурь байжээ. Дээд тэнгэрийн оронд хальсны дараа, бидний сэтгэл одоогийн бүдүүн биед төрөл дамжин ирсэн бөгөөд хүслийн нөлөөгөөр биеийн жаргал эдлэхэд улам дэвшсээр буй нарийн зэмсэг болжээ. Адгуусан амьтан ба ургамал хоёрын ялгаа нь, амьтны бие харах, сонсох, үнэртэх, амтлах, хүрэлцэхийн жаргалыг мэдрэхэд зориулагдсан, ялангуяа хүний хувьд бодох чадвартай байдаг байхад харин ургамлын бие нь ургах, үржих, үхэхдээ сэтгэл юмуу сэрэхүйн оролцоогүй явагддаг.
Хэдийгээр ургамалд сэтгэл оршихгүй боловч түүнийг хэрэглэж байгаа хүн, амьтан, бирд, тэнгэрийн төрөлхөтний хамтын үйлийн үрээс хамааралтай байдаг. Халуун хийн бөөгнөрөлөөс манай дэлхий үүссэн нь хамтын үйлийн үртэй холбоотой, анхны эгэл биетүүд үүссэн нь хамтын үйлийн үртэй мэдээж холбоотой. Тиймээс сэтгэл нь дэлхий ертөнцийг бүхэлд нь хөдөлгөгч зүйл болдог. Бурханы сургаал, эволюци хөгжлийг үгүйсгэдэггүй, гэхдээ нэгэн сонирхолтой зүйл нэмдэг, тэр нь эволюцийн хөдөлгөгч хүч нь биеийн жаргалыг хүсэмжлэх аминч үзэл гэж үздэг.
Тэгээд юу нь буруу гэж? Хэрвээ бидний бие жаргалтай байхад зориулагдсан юм бол яагаад амьдрал ийм зовлонтой байдаг вэ? Бид яагаад жаргалыг ололгүй, зовлонтой учирч байдаг вэ, олсон жаргалдаа сэтгэл ханахгүй, хүссэн хүмүүс, эд зүйлээс яагаад байнга хагацахад гашуун уйтгартай байдаг вэ? Үүний учир нь энэ бүхнийг зохион бүтээгч сэтгэлд мунхаглалын алдаа байгаа учраас тэр.
Бодит байдалд юмс хэрхэн оршдогийг эс мэдсэнээс үүдэн ертөнц болон өөрсдийнхөө тухай алдаатай урьдчилсан таамаглал үүсгэдэг. Эдгээр буруу бодол санаа нь сэтгэлийн угийн тодорхой чанарыг бүрхдэг учраас нөлөөтэй толь шиг сэтгэлд туссан бүхнийг буруу гуйвуулдаг. Хамгийн их буруугаар үзэгддэг зүйл бол “би” өөрөө бүтэж гарсан, бусдаас ангид тусгаар мэт санагддаг. Энэхүү буруу үзэгдлийг бидний сэтгэл үнэн хэмээн барьж, тэр мөчөөс эхлэн бидний амьдрал гамшиг болдог, учир нь, оршихгүй байгаа өөрөө бүтсэн “би”-г оршиж байгаа хэмээн аргаа барагдтал батлахыг хичээж, энэхүү ханадаггүй хуурамч хий үзэгдлийг жаргалтай байлгах гэж, зовлонгоос хамгаалах гэж мэрийдэг.
“Би” оршдог боловч зөвхөн нийтийн тохиролцооны төдийд. Бие, сэтгэлд хамааруулж “би” гэж нэр өгч байгаа бодол юмуу “би” хэмээн бодож байгаа байдлаас оршиж байгаа нь тодорхойлогдоно. Тийнхүү нэрлэх үйл явцаас өөрөөр “би”-г зааж болохгүй.
Ертөнцийн хувьд, бидний амьдралд сэтгэлийн гүйцэтгэж байгаа субьектив үүргийг мэддэггүй, тиймээс бид өөрсдийгөө бие даасан “гадаад ертөнцийн” идэвхгүй туулан амьдрагчид хэмээн мунхагаар итгэдэг. Бид өөрсдийнхөө талаар алдаатай боддог учраас ертөнцийг ч мунхагийн эрхээр өөрийн гэсэн мөн чанартай гэж үздэг, гэтэл ертөнц нь үнэндээ нэрийн төдийгөөр оршиж байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс, юмс, үйл явдлууд нь бидний сэтгэлийн чанартай болохоос бус өөрийн мөн чанараар оршдоггүй.
Жишээ нь, нэг хүнд дурлалаа гэж бодоход тэр хүн нь энэ дэлхийн хамгийн сайхан хүн байдаг. Харин салж сарних цагт уурласан сэтгэлд тэр хүн дэлхийн хамгийн муухай хүн болж харагддаг. Гэтэл түүнтэй амьдрах гэж байгаа өөр нэг хүнд хамгийн сайхнаар харагдана. Тэгэхээр сайхан, муухай харагдах нь тухайн харагдаж байгаа хүнтэй холбоогүй, харин харж байгаа хүний сэтгэлийн чанартай байна. Тиймээс, хэдийгээр гадаад нөхцөл байдлууд байдаг боловч тэдгээрийн үзэгдэх байдал нь харж байгаа хүнээс хамаарах ба жаргал, уйтгарын гол шалтгаан нь сэтгэл болохоос бус гадаад ертөнц биш. Зовлон гарахын шалтгаан нь гадаад ертөнцийг муу муухайгаас арилгаад сайн сайхнаар дүүргэнэ гэсэн хэзээ ч үл биелэх бодлоос үүдэлтэй. Амгалан жаргалангийн орны цэцэрлэг гадаад ертөнцөд биш сэтгэлд оршдог ба энэ оронд орох түлхүүр нь билиг ухаан, энэрэн нигүүлсэхүй сэтгэл юм.
Тэр түлхүүрийг олоогүй цагт хий хоосон зүйлийг хөөж, сүүдрээсээ бусган зугтаж байх болно. Энэ дэлхий орших хугацаанд цөөн хэд нь тэр цэцэрлэгт орох ба үлдсэн нь “амьдралын хүрд”-нээ жаргал зовлонг ээлжлэн эдэлсээр оршино. Дэлхийн оршин тогтнолын эцэст, түлхүүр олоогүй нь сэтгэлийн амгалангийн ер бусын оронд дахин төрөх бөгөөд тэнд байх буян эцэстээ барагдахад биеийн жаргалыг хүсэх хөрст шинэ ертөнцөд дахин төрнө. Тэргүүлшгүй цагаас аваад энэ мэтээр амьдралын хүрд эргэсээр иржээ.

No comments:

Post a Comment